Skip to content

Гарчиг руу орох

ХЭЗЭЭ Ч ХУУЧИРДАГГҮЙ ЗАРЧИМ

Бүү санаа зов

Бүү санаа зов

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Амийнхаа төлөө ... бүү санаа зов» (Матай 6:25).

Юу гэсэн үг вэ? «Ууланд айлдсан номлол»-оороо Есүс энэ үгийг хэлжээ. «Санаа зовох» гэж орчуулсан грек үйл үгийг Библийн нэгэн тольд «ядуурал, өлсгөлөн болон өдөр тутам тулгарах бусад зовлон бэрхшээлд хандах хүний хандлага» гэж тайлбарлажээ. Болоогүй зүйлийн тухай бодон зовнихыг бас хэлдэг. Бие махбодын хэрэгцээнийхээ тухай юм уу гэр бүлийнхнийхээ тухай бодон санаа зовох нь зүйн хэрэг (Филиппой 2:20). Гэхдээ Есүс шавь нартаа «Бүү санаа зов» гэж хэлсэн нь дэмий юманд санаа битгий зовоосой гэснийх аж. Маргаашаа бодож хэтэрхий санаа зовох нь өнөөдрийн баяр баясгаланг үгүй хийдэг (Матай 6:31, 34).

Энэ зөвлөгөө орчин үед тустай юу? Есүсийн зөвлөгөөг дагах нь ухаалаг хэрэг юм. Яагаад гэвэл хүн хэт их санаа зовохлоор зовнил мэдрэлийн систем тогтмол идэвхтэй ажиллаж, «эрүүл мэндэд муугаар нөлөөлөн шархлаа, зүрхний өвчин, багтраа үүсгэдэг» хэмээн нэгэн бүтээлд тэмдэглэсэн байна.

Хэтэрхий санаа зовохгүй байхын шалтгааныг Есүс хэлсэн. Санаа зовлоо гээд ямар ч ашиггүй. «Та нараас хэн чинь санаа зовсноороо өөрийнхөө өндрийг ганц тохойгоор нэмж чадах вэ?» гэж Есүс асуужээ (Матай 6:27). Байнга санаа зовсноороо бид амьдралаа ганц секундээр ч уртасгаж чадахгүй. Нөхцөл байдлыг сайжруулж чадахгүй. Ер нь хэрэг явдал бидний санаснаар тийм ч аймаар болдоггүй. Энэ тухай нэгэн эрдэмтэн: «Маргаашийн тухай бодон санаа зовох нь дэмий зүйл юм. Ирээдүй бидний бодсон шиг муу байх нь тун ховор байдаг» гэж хэлжээ.

Санаа зовохоо болихын тулд яах хэрэгтэй вэ? Нэгдүгээрт, Бурханд найд. Бурхан шувуудыг хооллож, цэцэгсийг гоёдог юм бол өөрийнх нь төлөө амь амьдралаа зориулсан хүний хэрэгцээг хангахгүй гэж үү? (Матай 6:25, 26, 28–30). Хоёрдугаарт, өнөөдрөөрөө амьдар. «Маргаашийн төлөө бүү санаа зов. Учир нь маргааш маргаашдаа санаа тавих болно» гэж Есүс хэлсэн. «Өдөр бүрийн зовлон тухайн өдөртөө хангалттай» гэдэг үгтэй та санал нийлэхгүй гэж үү? (Матай 6:34).

Есүсийн ухаалаг зөвлөгөөг дагавал бид биеэ зовоохгүй. Түүнээс гадна сэтгэл санаа амар байна. Библид үүнийг «Бурханы амар тайван» гэдэг (Филиппой 4:6, 7).