Skip to content

Гарчиг руу орох

МАНАЙ АРХИВААС

Библийн үнэнийг заадаг соёлын байгууллага

Библийн үнэнийг заадаг соёлын байгууллага

 Олон улсын Библи Судлаачид буюу одоогийн Еховагийн Гэрчүүд 1917 онд Мексикийн зочломтгой ард түмэнд дэлгэрүүлэх ажлыг анх зохион байгуулжээ. Хэдэн арван жилийн дотор зөв зүрх сэтгэлтэй олон зуун хүн Еховаг шүтдэг болсон. Гэвч дэлхийн ІІ дайны үед Мексикийн засгийн газар хаана дэлгэрүүлж, цуглаанаа явуулахтай холбоотой асуудал үүсгэсэн.

 Тухайн үед олон нийтэд зориулсан шашны бүх л төрлийн үйл ажиллагааг төрийн өмчит байр байшинд явуулах ёстой гэсэн хуультай байв. Энэ нь бидэнд асуудал болж байлаа. Учир нь бид олон нийтийн газар чуулганаа хийж, Еховагийн Гэрчүүдийн гэрт долоо хоног тутмын цуглаанаа явуулж, гудамжаар болон айлаар дэлгэрүүлдэг байсан юм.

 Хуулийг мөрдөхийн тулд бид 1943 онд олон нийтийн амьдрал ахуйд тустай боловсрол олгох, ашгийн бус, иргэний, соёлын нийгэмлэг нэртэйгээр бүртгүүлсэн. Ингээд бид шашны биш, соёлын байгууллагын эрхтэйгээр бүртгэгдсэн юм. Үүний ачаар бид цуглаан болон дэлгэрүүлэх ажлаа заавал төрийн өмчит байр байшинд хийх шаардлагагүй болсон.

 Ер нь манай үйл ажиллагаанд соёлын болон боловсролын хөтөлбөрүүд багтаж байсан. Ийм учраас бид иргэний, соёлын байгууллагад тавигдах засгийн газрын бүх шаардлагыг хангасан юм (Ром 13:1). Гэсэн хэдий ч бид хүмүүст Библийн тухай үнэнийг заах гол зорилготой хэвээрээ байлаа (Исаиа 48:17, 18). Бидний ажлыг Ехова ивээж байгаа нь тодорхой байсан. Энэ бүхэн олон олон хүн үнэний зам дээр гарах гайхамшигтай амжилтын эхлэл болж билээ.

Дэлгэрүүлэх ажилд гарсан өөрчлөлт

 Бид Мексикт гол нь Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээ дэлгэрүүлдэг байсан. Гэхдээ Паулыг дуурайн нөхцөл байдалдаа тохируулан дэлгэрүүлэх аргаа өөрчилдөг байлаа (1 Коринт 9:20–23). Жишээ нь Паул Афины эрчүүдтэй ярихдаа Судраас огт дурдаагүй (Үйлс 17:22–31). Үүний адилаар бид дэлгэрүүлэхдээ Библиэ авч явдаггүй, яриа эхлэхдээ ч Библиэс дурддаггүй байсан.

Гэрчүүд олон нийтийн газар Библигүй дэлгэрүүлж байгаа нь, 1945 он

 Исабел: «“Бид соёл боловсролын байгууллагаас явж байна” хэмээн өөрсдийгөө танилцуулдаг байж билээ. Би голдуу “Сэрцгээ!” сэтгүүлийн, Библитэй шууд холбоогүй өгүүллийг сонгож ярьдаг байсан» гэж дурсжээ. Хэрэв айлын хүн Бурхны тухай мэдэхийг хүсвэл яах вэ? Тэгэхээр нь бид Библийн тухай ярьдаг байсан. Аурора: «Бид Библи авч явдаггүй болохоор Библийн олон зүйлийг цээжилдэг байлаа» гэж ярьжээ. Бас өөрсдийнх нь Библиэс үзүүлэхээр айлын хүн их нааштай ханддаг байсан.

Айлаар дэлгэрүүлэх эрхээ хамгаалсан нь

 Манай ажлыг хууль ёсны эсэхэд эргэлзсэн хүмүүст хэрхэн хариулахаа бид мэддэг байлаа (Филиппой 1:7). Мөн улсаас олгосон үнэмлэх их хэрэг болсон. a Мариа: «Бид гадаад харилцааны сайдын гарын үсэгтэй үнэмлэхийг байнга биедээ авч явдаг байлаа» гэж дурсан ярьсан юм. Самуел: «Эрх бүхий хүмүүс биднийг саатуулан юу хийж байгааг маань асууж лавлахад үнэмлэхээ гаргаад үзүүлдэг байсан» гэж дурсжээ.

 Эсэргүүцэлтэй тулгарсан үед ч үнэмлэх маань хэрэг болдог байсан. Үүний нэг жишээг Хэлиско мужид үйлчилж байсан Хэсүс ингэж дурсжээ. «1974 онд нэгэн пастор хэсэг хүмүүсийг дагуулан бидний ажлыг зогсоох зорилгоор намайг, нэг Гэрч хостой хамт хотын захиргаа дээр аваачлаа. Ингээд бид эрх бүхий хүмүүст үнэмлэхээ гаргаад үзүүлэхэд бүх хүн тайван болсон. Хуулийн туслалцаа авсны дараа бид хэсгийнхээ сонирхсон хүмүүст үргэлжлүүлэн туслах боломжтой болсон юм. Өнөөдөр энэ хотод олон хурал байдаг».

Библи болон бичиг үсэг заасан нь

 Боловсролыг дэмждэг иргэний нийгэмлэгийн хувьд бид хүмүүст бичиг үсэг үнэгүй заасан. b Ариел: «Энэ арга хэмжээ яг цагаа олсон. Тэр үед олон хүн сургуульд яваагүй ч Библи унших чин хүсэлтэй байлаа. Бид тэдэнд уншиж, бичихийг зааж өгөхөд төд удалгүй олон хүн бидэнтэй Библийн хичээл эхэлж билээ» гэжээ.

 Рут: «Суралцагчид маань уншиж сурсныхаа дараа Библийг ойлгож их хурдан ахиц гаргасан. Тэд уншиж, бичиж сураад сэтгэл хангалуун, жаргалтай болсон юм. Цаашдаа Еховатай улам ойр дотно болсон» хэмээжээ.

 Еховагийн Гэрчүүд 1943–1993 оны хооронд иргэний, соёлын нийгэмлэгийн нэртэйгээр бүртгүүлсэн байсан. Энэ хугацаанд 127 000 гаруй хүнд бичиг үсэгт тайлагдахад, 37 000 гаруй хүнд уншиж, бичих чадвараа сайжруулахад тусалсан юм. Бичиг үсэгт сургах үйл ажилд оруулсан хувь нэмрийг маань засгийн газар өндөр үнэлсэн (Ром 13:3). Жишээ нь 2010 онд «Мехико муж болон Мексик даяар олон мянган хүнийг бичиг үсэгтэй болгон, улмаар тэдний аж амьдралыг сайжруулахын тулд олон арван жил их тус нэмэр оруулсан» гэж тусгайлан сайшаасан билээ.

Хамтдаа цугласан нь

 Хуулийн бүртгэлийн дагуу бид цугладаг газраа хичээлийн танхим шиг болгоод Соёл сургалтын танхим хэмээн нэрлэдэг байлаа. Тэнд бид цуглаанаа явуулж, бас бичиг үсэг зааж байсан.

 Анкэл: «Ах нарын гэрийг л тэгж нэрлэдэг байсан юм. Тэдний ихэнх нь энгийн цомхон амьдардаг байсан. Гэртээ цуглаан явуулахын тулд гэрийнхээ жаахан хэсэгт бөөнөөр амьдардгийг нь хараад би үнэхээр биширсэн» гэж дурсан ярилаа.

 Үнэхээр ч ингэж өөрийнхөө эрх ашгийг хойш тавих зайлшгүй шаардлагатай байсан. Анкэл цуглааны талаар бас дурсаж «Заримдаа маш олон хүн ирдэг болохоор ихэнх нь гадаа зогсоно. Тэгээд хариулах болбол цонхоор шагайж байгаад хариулна шүү дээ. Гэсэн ч бид ингэж цуглахдаа маш их баяртай байсан юм» хэмээв.

 Асуудал үүсгэхгүйн тулд цуглаан дээр дуулдаггүй, бүгд дор дороо залбирдаг байлаа. Эдмүндо: «Соёлын илтгэл буюу одоогийн нийтийн илтгэл тавихдаа илтгэгчид сонсогчдын соёлыг дээшлүүлж, илүү сайхан амьдрахад тустай Библийн зөвлөгөөг голлон тайлбарладаг байсан» гэж ярив. Тэр байтугай Библийн номын нэрийг ч хэрэглэхээ больсон. Илтгэгч Библийн ямар зүйлийг хэлж байгааг сонсогчид яаж мэдэх вэ? Энэ талаар Мануэл ингэж ярив. «Илчлэл 21:3, 4 гэхийн оронд 66-р номын 21:3, 4 гэдэг байлаа». Мойсэс гэдэг бас нэг Гэрч: «Библийн зүйлээ олохын тулд Библийн номын дугаарыг цээжлэх ёстой байлаа» хэмээжээ.

Мексикийн Гэрчүүдийн түүх бидэнд ямар сургамжтай вэ?

 Мексикт бас дэлхийн бусад оронд байдгийн адилаар манай байгууллага үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Шүтлэгтэй холбоотой үйл ажиллагааг маань хязгаарласан ч Ехова ард түмнээ ивээж байгаа нь тодорхой байлаа. 1943 онд иргэний нийгэмлэг нэртэй бүртгүүлэх үед Мексикт 1 565 дэлгэрүүлэгч байв. 1993 онд биднийг шашны байгууллага гэж хууль ёсоор хүлээн зөвшөөрсөн. Тэр жил дэлгэрүүлэгчдийн дундаж тоо 366 177-д хүрчээ. Эдгээр дэлгэрүүлэгчийн ачаар Гэрчүүдийн тоо асар ихээр өссөн. 2021 он гэхэд Мексикт дундаж дэлгэрүүлэгчийн тоо 864 633 болтлоо өсжээ. Мексик дэх Гэрчүүдийн түүхээс бид ямар ямар сургамж авч болох вэ?

 Дасан зохицох чадвартай байх. Ийм чадвартай байсныхаа ачаар бид Мексикт 50 жил хууль ёсны дагуу үйл ажиллагаагаа явуулсан. Марио: «Надад заримдаа бусад улсын Гэрчүүд шиг Еховаг шүтэж болохгүй юм байх даа гэж бодогддог байсан. Гэсэн хэдий ч нэг ч хүн байгууллагын удирдлага зааварт эргэлзээгүй. Ехова ард түмнээ удирдаж байгаа гэдэгт дандаа итгэдэг байсан. Тиймдээ ч их дуулгавартай байдаг байлаа» хэмээжээ.

 Еховагийн ажлыг анхаардаг байх. Гуадалупе гэдэг Гэрч эмэгтэй: «Бид шавь бэлдэх ажлаа хийгээд завгүй байсан болохоор бусад юманд тэгтлээ их санаа зовдоггүй байлаа. Еховадаа үйлчлээд үнэхээр жаргалтай байсан. Бидний хувьд энэ л хамгийн чухал» гэжээ.

 Итгэл нэгтнүүдтэйгээ дотно байх. Анита: «Еховаг магтаж дуу дуулах гэх мэт Соёл сургалтын танхимд хийж болохгүй зүйлээ бид гэртээ хийдэг байсан. Бид хоорондоо эвтэй байж, ойр ойрхон уулзан цагаа хамтдаа өнгөрүүлдэг байлаа. Уулзахаараа Еховаг шүтэхтэй холбоотой юм ярьж, нэг нэгнээ урамшуулдаг» хэмээн ярьсан юм.

 Флорентино: «Одоо ингээд бодохоор болж өнгөрсөн бүхэн биднийг их юманд сургаж дээ. Энэ бүх хугацаанд бид эсэргүүцэлтэй тулгарч байсан ч Ехова удирдаж байсан гэдэгт итгэлтэй байна» гэж дурсан ярьсан юм.

a Бид өөрсдийгөө таниулах зорилгоор л ийм үнэмлэх авсан. Христийн дагалдагч бусдад Библийн үнэнийг ярихын тулд хууль ёсны зөвшөөрөл авах ёстой гэсэн шаардлага Библид байдаггүй. Өнөө үед Еховагийн Гэрч хувь хүнийхээ хувьд бүртгүүлэх юм уу ийм бичиг баримт авдаггүй.

b Албан ёсны тоо баримтыг үзвэл 1940, 50-аад онд Мексикийн хүн амын тал орчим хувь нь бичиг үсэггүй байжээ.

Мексикийн Чиуауа дахь Гэрч гэр бүлүүд цуглаан явуулдаг газрынхаа гадна. Цаана нь испаниар «Соёл сургалтын танхим» гэсэн байна, 1952 он

Хэсэг Гэрч Мехико дахь салбарын дэргэд. Цаана нь испаниар «Харуулын цамхаг иргэний нийгэмлэг» гэсэн байна, 1947 он

Мексикийн Хидалго мужид хоёр Гэрч испани хэлээрх «Харуулын цамхаг» сэтгүүлийг өгч байна, 1959 он

Дэлгэрүүлэхдээ үзүүлдэг байсан, улсаас олгосон үнэмлэх

2010 онд Мексикийн Боловсролын яамны сайд бичиг үсэг тайлах үйлсэд хувь нэмрээ оруулсан Еховагийн Гэрчүүдийг шагнажээ

Гэрчүүд соёлын байгууллагын нэрээр бүртгүүлсэн учраас чуулган хүртэл явуулдаг байжээ. 1969 онд Олон улсын соёлын чуулган нэртэйгээр явуулсан юм