Skip to content

Гарчиг руу орох

Даблю Би Би Ар радио станц, 1924 он

МАНАЙ АРХИВААС

Сайн мэдээ агаарын долгионоор

Сайн мэдээ агаарын долгионоор

 1924 оны 2 сарын 24-ний ням гарагийн орой Даблю Би Би Ар радио станц анхны нэвтрүүлгээ агаарын цэнхэр долгионоор цацжээ. Энэ бол Библи судлаачдын a шинэ радио станц байлаа. Анхны нэвтрүүлэг ямар байсан бол? Хэн сонссон бол? «Хаант төрийн сайн мэдээг бүх үндэстэнд гэрчлэл болгон дэлхий даяар тунхаглахын» тулд Еховагийн Гэрчүүд хамгийн сүүлийн үеийн техник технологийг хэрхэн ашиглаж ирсэн бэ? (Матай 24:14)

Даблю Би Би Ар радиогийн дуу авианы техникч

«Анхны нэвтрүүлгээ эхлүүлж билээ»

 Нью-Йоркийн Стэйтэн Айланд дахь шинэхэн студиэс дамжуулсан радиогийн анхны нэвтрүүлэг оройн 8:30-д эхэлж хоёр цаг үргэлжилсэн юм. «Студид байсан бид догдлохын зэрэгцээ бэлдсэн нэвтрүүлгийг маань хүмүүс сонсож байгаа болов уу гэж санаа зовцгоож байлаа. Асаах товчлуураа дарчхаад, бүх юм амжилттай болно гэж найдан анхны нэвтрүүлгээ эхлүүлж билээ» хэмээн дууны инженер Ралф Лээфлэр дурсан ярьжээ.

 Энэхүү түүхэн нэвтрүүлгийг тус станцын хариуцагч Виктор Шмит хөтөлсөн бөгөөд Библи судлаачдаас бүрдсэн авьяаслаг хөгжимчид, дуучдыг зарлан хөтөлбөрөө эхлүүлсэн юм. Төгөлдөр хуурын гоцлол сонгодог хөгжим эгшиглүүлсний дараа алдагдсан хонины тухай нэгэн дууг Кора Веллмэн, замаа алдсан хүүгийн тухай дууг Фредрик В. Фрэнз дуулжээ (Лук 15:4–7; 11–25).

Даблю Би Би Ар радиогийн анхны нэвтрүүлгийн хөтөлбөр

 Тус радио станцын Бурханд зориулах ёслол дээр тухайн үед Библи судлаачдын үйл ажиллагааг удирдаж байсан Жосэф Рүтэрфорд илтгэл тавьсан. Тэрбээр илтгэлдээ уг радиог «Мессиагийн хаант төрийн үйл хэргийн төлөөх» хэмээн онцолсон юм. Мөн «радио гэдэг зүйлийг бүтээхэд хүргэсэн хүн төрөлхтний хосгүй чадвар нь Бурхнаас ирсэн ивээл болой. Энэхүү мэдээллийн хэрэгслийг ашиглан Өөрийгөө таниулж, зөгнөлүүд хэрхэн биелж байгааг хүн төрөлхтөнд мэдүүлэх нь Түүний хүсэл таалал гарцаагүй мөн» хэмээн дурджээ.

«Үг бүр нь тод сайхан»

 Анхны энэхүү нэвтрүүлгийг Америкийн Нэгдсэн Улсын зүүн хойд мужийн олон хүн сонсжээ. Радио станцаас 320 километрийн зайд оршдог Вермонт мужийн Моррисвиллийн нэгэн сонсогч: «Нэвтрүүлгийг ямар ч саадгүй сонссондоо их баяртай байна. ... Ялангуяа Рүтэрфордын дуу хоолой ... Хэлсэн үг бүр нь тод сайхан сонсогдлоо» хэмээжээ. Бүр Флоридагийн Монтисэллод ч нэвтрүүлэг маань хүрчээ. Олон түмний сонорыг мялааж, сэтгэлд нь хүрсэн тул талархлын захидал тасраагүй аж.

Даблю Би Би Ар радио нэвтрүүлгийн өрөө, микрофоны ард Жосеф Рүтэрфорд, ширээний ард хөтлөгч Виктор Шмит

 Уг радиогоор голчлон АНУ-ын зүүн хойд хэсэгт Хаант төрийн сайн мэдээг 33 жилийн турш тасралтгүй түгээжээ. b Яваандаа Даблю Би Би Ар нь бусад радио станцуудтай холбогдож АНУ, Канад болон өөр олон орны сая сая сонсогчдод хүрсэн юм. «1933 он гэхэд зургаан тивд нийт 408 радио станцаар Библид үндэслэсэн 23 783 илтгэлийг дамжуулсан нь хамгийн өндөр үзүүлэлт байлаа» гэж Еховагийн Гэрчүүдийн 1975 оны жил тутмын номд дурджээ. Тухайн үед радиогийн хэд хэдэн сувгаар Харуулын цамхгийн нэвтрүүлгийг сонсож болдог байв. Газар газрын сонсогчдод үнэний үгс агаарын долгионоор ийнхүү хүрч байлаа.

Радио нэвтрүүлэг ба айлаар дэлгэрүүлэх арга

 Библи Судлаачид Даблю Би Би Ар радиог дэлгэрүүлэх ажилдаа хэрэглэж эхлэхэд АНУ дунджаар 1 064 дэлгэрүүлэгчтэй байжээ. Тэд хэдийгээр цөөхүүлээ байсан ч уг радио нэвтрүүлгийн ачаар олон хүнд сайн мэдээг амжилттай хүргэж чадсан юм. 1957 он гэхэд дэлгэрүүлэгчийн тоо АНУ-д дунджаар 187 762, дэлхий даяар 653 273 болжээ. Түүнээс гадна цуглааны хөтөлбөрөөр үр дүнтэй дэлгэрүүлэх аргад суралцсанаар чин сэтгэлт ахан дүүс маань айлаар болон бусад хэлбэрээр илүү чадварлаг дэлгэрүүлэх болов.

 Ингэж сайн үр дүнд хүрсэн учраас радио нэвтрүүлэг болон айлаар дэлгэрүүлэхийн аль нь илүү үр өгөөжтэй болохыг харьцуулан дүгнэх шаардлага гарсан юм. Байгууллагын үйл ажиллагааг удирддаг итгэл нэгтнүүд маань ямар шийдвэр гаргасан бэ? Харуулын Цамхаг Нийгэмлэгийн өмчлөлд байсан Даблю Би Би Ар радио станцыг 1957 оны 4 сарын 15-нд заржээ. Радиогийн сүүлчийн тусгай нэвтрүүлгийн үеэр Нэйтан Норр зарах болсон шалтгааныг айлаар амжилттай дэлгэрүүлснээр Еховагийн Гэрчүүдийн тоо өсөн нэмэгдэж байсантай холбон тайлбарласан байдаг. Цааш нь тэрбээр: «Даблю Би Би Ар радио нэвтрүүлэг олон хүнд ач тусаа өгсөн нь үнэн. Гэхдээ радио нэвтрүүлэг хүрээгүй газрын Еховагийн Гэрчүүдийн тоо уг нэвтрүүлэг цацагдсан газрынхаас дутахааргүй нэмэгдсэн» гэжээ. Айлаар дэлгэрүүлэх нь радио нэвтрүүлгээс илүү үр дүнтэй хэмээн дүгнэн тийнхүү нэвтрүүлгээ бүрмөсөн зогсоосон байна. Харин нэвтрүүлэг маань хэдэн арван жилийн дараа шинэ өнгө төрхтэй эргэж ирсэн билээ.

JW телевиз

 2014 оны 10 сарын 6-нд Еховагийн байгууллагад нэгэн сэтгэл хөдлөм үйл явдал болжээ. Энэ өдөр JW телевиз хэмээх интернэт телевизийн суваг нэвтрүүлгээ анх цацсан юм. Еховагийн Гэрчүүд болон бусад үзэгчид уг телевизийн хөтөлбөрийг интернэт, «JW Library» аппликейшн, янз бүрийн дамжуулах төхөөрөмж болон хиймэл дагуулын тусламжтайгаар сар бүр хүлээн авч үздэг болсон. c Зарим бүс нутагт буй Еховагийн Гэрчүүдийн дэлгэрүүлэх ажилд радио болон телевизийн аль аль нь үр өгөөжөө өгч байна. Энэ нь юу гэсэн үг вэ?

JW телевизийн хөтөлбөрийн анхны дугаар, 2014 оны 10 сар

 Сүүлийн жилүүдэд Еховагийн байгууллага интернэтгүй газруудад чуулган болон долоо хоног бүрийн цуглааны хөтөлбөр дамжуулахдаа гадны байгууллагын радио телевизийн сувгийг хэрэглэж ирсэн. Үүний үр дүнд олон хүн Библийн тухай сонирхон судлах боломжтой болжээ. Манай цуглааны хөтөлбөрийг сонссон олон хүн баярлаж талархсанаа илэрхийлсэн хэмээн Еховагийн Гэрчүүдийн Зүүн Африкийн салбар дахь радио станц хариуцсан итгэл нэгтнүүд маань 2021–2022 оны мэдээндээ дурджээ. Кени, Танзани, Өмнөд Суданд олон сонсогч Библи судлах хүсэлт гаргасан аж.

 Еховагийн Гэрчүүд Хаант төрийн сайн мэдээг дэлхий даяар түгээхдээ голдуу айлаар явж, мөн ном хэвлэлийн тавиур болон jw.org вэбсайтын тусламжтайгаар дэлгэрүүлдэг. Манай вэбсайтаас Библи болон Библид үндэслэсэн ном хэвлэлийг 1 080 гаруй хэлээр үнэ төлбөргүй унших боломжтой. Мөн Библийн талаар сонирхож явдаг асуултууддаа хариу авч, цуглаанууд хаана, хэзээ болдгийг мэдэж болно. Энэ бүхний ачаар Бурхны Хаант төрийн сайн мэдээ урьд хожид байгаагүйгээр олон хүнд амархан хүрдэг боллоо. Библид зөгнөсний дагуу сайн мэдээ «дэлхий даяар» жинхэнэ утгаараа тунхаглагдаж байна (Матай 24:14).

a Библи Судлаачид 1931 онд Еховагийн Гэрчүүд гэдэг нэртэй болсон.

b Еховагийн Гэрчүүд хэсэг хугацаанд Австрали, Канад зэрэг улсад радио станцтай байв.