СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙГТУН!
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийг улс үндэстнүүд зогсоож чадах уу?—Библид юу гэж байдаг вэ?
2022 оны 11-р сарын 20-ны ням гарагт Нэгдсэн Үндэстний Байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх COP27 хурал болж өндөрлөлөө. Хуралд оролцсон удирдагчид болон шинжээчид уур амьсгалаас үүдэлтэй гамшгийг бууруулахын тулд ядуу буурай орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэсэн шийдэлд хүрчээ. Ингэлээ гээд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй асуудлыг бүрэн шийдэж чадахгүй гэж олон хүн үзэж байна.
«Уур амьсгалын өөрчлөлтөөс болж зовж байгаа хүмүүст туслах сан байгуулна гэдэгтэй би санал нийлж байна. ... Ингэх нь мэдээж хангалттай биш. ... Яагаад гэвэл манай гараг сэхээний өрөөн дэх өвчтөн шиг л байна» (Нэгдсэн Байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, 2022 оны 11-р сарын 19).
«Дэлхий маань сүйрлийн ирмэг дээр байна» (Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний Эрхийн дээд комиссар, Ирландын ерөнхийлөгч асан Мэри Робинсон, 2022 оны 11-р сарын 20).
Залуучууд эх дэлхийнхээ ирээдүйд маш их санаа зовж байна. Тэгвэл улс үндэстнүүд хамтран ажиллаж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэнэ гэсэн амлалтаа биелүүлж чадах болов уу? Библид юу гэж байдаг вэ?
Улс үндэстнүүд нэгдэж амжилтад хүрэх үү?
Библид бичсэнийг үзвэл улс үндэстнүүд хэчнээн шаргуу хөдөлмөрлөж, чин сэтгэлээсээ хичээсэн ч уур амьсгалын хямралыг бүрмөсөн шийдвэрлэж чадахгүй ажээ. Үүний хоёр шалтгааныг авч үзье.
«Муруй нь тэгширч чадахгүй» (Номлогчийн үгс 1:15).
Юу гэж ойлгох вэ? Хүн хүнээ захирахаар бүтээгдээгүй тул хүний засгийн газрын хийж чадах зүйл хязгаартай (Иеремиа 10:23). Улс үндэстнүүд хэчнээн нэгдэн нийлж, хамаг чадлаараа хичээсэн ч дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чадваргүй.
«Хүмүүс аминч, мөнгөнд дуртай, ... эвлэршгүй [болно]» (2 Тимот 3:2, 3).
Юу гэж ойлгох вэ? Библид өнөө үеийн тухай бусдын сайн сайхны төлөө нэгдэн нийлэх хүсэлгүй, амин хувиа хичээсэн хүмүүс олширно гэж зөгнөсөн байдаг.
Найдвар бий юу?
Засгийн газрууд хэчнээн сайхан зүйл амлаад ч манай гаргийн ирээдүйг шийдэхгүй. Бурхан дэлхий ертөнцийг захируулахаар Есүс Христийг томилсон. Түүний тухай Библид ингэж байдаг.
«Засаглал Түүний мөрөн дээр байх болно. Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна» (Исаиа 9:6).
Есүс бол тэнгэрийн засгийн газрын буюу Бурхны Хаант төрийн хаан юм (Матай 6:10). Түүнд манай гаргийн төлөө, оршин суугчдынх нь төлөө зүтгэх хүсэл, хүч чадал, мэргэн ухаан бий (Дуулал 72:12, 16). Түүний тэргүүлэх засгийн газар «дэлхийг устгагчдын» үйл ажиллагааг зогсоож, байгаль орчныг сэргээнэ (Илчлэл 11:18; Исаиа 35:1, 7).
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй асуудал хэрхэн бүрмөсөн шийдэгдэх тухай илүү ихийг мэдье гэвэл «Уур амьсгалын өөрчлөлт ба бидний ирээдүй—Библид юу гэж байдаг вэ?» өгүүллийг үзээрэй (англи).