Цаг үеэсээ түрүүлсэн эрүүл ахуйн тухай Бурхны хууль
3500 жилийн тэртээ израйлчууд Амласан газарт хүрч очиход Бурхан тэднийг «Египетийн аюулт өвчнүүдээс» хамгаална гэжээ (Дэд хууль 7:15). Тийм учраас халдварт өвчний тархалтыг зогсоох, ариун цэврийг сахихтай холбоотой нарийн заавар өгчээ. Жишээлбэл:
Израйл үндэстэнд өгсөн хуульд усанд орж, хувцсаа угаах заалт багтжээ (Левит 15:4–27).
Хүний ялгадсын тухайд «Чи бас хуарангаас гадна бие засах газар барьж, тийшээгээ очиж болно. Чиний багаж зэвсгүүдийн дунд хүрз байх ёстой. Чи гараад бие засахдаа, түүгээрээ газар ухаж, эргээд ялгадсаа бул» гэж Бурхан тушаажээ (Дэд хууль 23:12, 13).
Халдварт өвчтэй гэж сэжиглэгдсэн хүнийг хэсэг хугацаанд хөл хорьдог. Эдгэснийхээ дараа «цэвэр» гэж тооцогдохын тулд хувцсаа угааж, усанд биеэ угаах ёстой (Левит 14:8, 9).
Хүний цогцос, амьтны сэг зэмд хүрсэн хүн заавал хөл хорионд орох ёстой (Левит 5:2, 3; Тооллого 19:16).
Израйлчуудын хуульд тусгагдсан эрүүл ахуйн заалтууд үнэхээр цаг үеэсээ түрүүлсэн байжээ.
Харин тухайн үеийн улс үндэстнүүдэд эрүүл ахуйн стандарт их доогуур байсан юм. Жишээлбэл:
Бохироо гудамжинд асгадаг байжээ. Угаадас, муудсан хоол хүнс болон бусад төрлийн хог хаягдлыг ил задгай хаяснаас болж өвчлөл болон нярайн эндэгдэл их байв.
Эрт цагт эмч нар өвчин үүсгэгч нян бактерийн талаар бараг мэдлэггүй байсан. Египетчүүд гүрвэлийн цус, хотон шувууны баас, үхсэн хулгана, шээс, хөгцөрсөн талх зэргийг анагаах хүчтэй гэж бодон ашигладаг байв. Хүний ялгадас болон мал амьтны баасыг эмчилгээнд өргөн ашигладаг байжээ.
Эртний Египетчүүд Нил мөрнөөс болон усалгааны шугамуудынх нь бохирдсон уснаас янз бүрийн шимэгч, паразитын халдвар авдаг байв. Бас олон нялх хүүхэд бохир хоолноос үүсдэг суулгалт өвчин зэргээс болж энддэг байлаа.
Харин израйлчууд Бурхны хуульд тусгагдсан хэм хэмжээг баримталдаг байсныхаа ачаар харьцангуй эрүүл байжээ.